Ирландад заавал үзэх 10 газар: Аялалын маршрут

25 June, 2026
Ихэнх хүмүүс Ирландыг зөвхөн Дублин хотын богино хэмжээний аяллаар төсөөлдөг. Гэвч Ирланд бол үүнээс хавьгүй өргөн хүрээтэй, жинхэнэ утгаараа чөлөөтэй судлан аялах ёстой гайхамшигтай орон юм. Ирландын цаг агаар маш хувьсамтгай. Нэг л мэдэхэд нартай байснаа Gap of Dunloe-д очих үед бороо орж, Ирландын жинхэнэ романтик өнгө төрхийг мэдрүүлэх нь ч бий.
"Easy Go"-ын зүгээс таны Ирланд дахь аяллыг илүү хялбар, мартагдашгүй болгох үүднээс заавал зорих 10 газар болон хэрэгцээт зөвлөмжүүдийг багцлан хүргэж байна.
Ирланд руу хэзээ аялах вэ?
Ирландад аялах хамгийн түгээмэл үе бол 6, 7, 8-р сарууд. Энэ үед өдөр урт, цаг агаар харьцангуй таатай байдаг ч байрны үнэ өндөр, Cliffs of Moher зэрэг алдартай газрууд хэт ачаалалтай болж, Dingle орчмын буудлууд хэдэн сарын өмнөөс дүүрдэг сул талтай.
1. Дублины алдарт пабын соёлыг мэдрэх
Ирландын аяллыг нийслэл Дублинээс эхлэх нь уламжлал юм. Энэ хот түүхэн пабууд, амьд хөгжим, Ирланд бүжиг, алдарт Guinness шар айргаараа алдартай. Жуулчдын зорьдог алдартай Temple Bar-аас гадна нутгийн иргэдийн дуртай, илүү амьд уур амьсгалтай Capel Street-ээр зочлоорой.
  • Заавал орох пабууд: The Brazen Head, Stag's Head, The Palace Bar.
2. Slea Head Drive замаар чөлөөт аялал хийх
Хэрэв та жолооны ард, үзэсгэлэнт замаар давхих дуртай бол Dingle Peninsula дахь Slea Head Drive-ыг алгасаж болохгүй. Энэхүү 45 км урт тойрог зам нь Атлантын далайн гайхамшигт үзэмж, өхөөрдөм тосгонууд, замын хажуугаар бэлчих хонин сүрэг, огцом хадан цохионуудыг нэг дор харах Ирландын хамгийн шилдэг маршрутуудын нэг юм.
  • Мартахгүй зогсох цэгүүд: Dunmore Head болон Dunquin Pier.
3. Galway хотод Ирланд бүжиг үзэх
Ирландын соёлын нийслэл гэгддэг Galway хотын уламжлалт пабуудад орвол амьд хөгжмийн тоглолт сонсож, Ирланд ардын дуу сурангаа, үндэсний бүжгийг нь дэргэдээс нь үзэх (эсвэл өөрөө хамт бүжиглэх) боломжтой.
  • Шилдэг пабууд: The Quays Bar, The Crane Bar.
4. Алдарт "Ring of Kerry" маршрутаар аялах
Энэ бол Ирландын хамгийн алдартай байгалийн үзэмжтэй зам юм. 179 км урт үргэлжлэх энэ маршрут нь Ирландын баруун эргийн хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүдийг холбодог. Зам дагуу Sneem тосгон, Ladies View харах цэг, Killarney National Park зэрэг гайхамшигтай газрууд бий.
  • Нэмэлт зөвлөгөө: Илүү үзэсгэлэнтэй далайн эргийн дүр зураг үзэхийг хүсвэл маршрутаа Skellig Ring хүртэл сунгаарай.
5. Kerry Cliffs - Атлантын далайг дээрээс харах мөч
Kerry Cliffs нь Атлантын далайгаас 300 метр өндөрт сүндэрлэх сүрлэг хадан цохионууд юм. Эндээс хязгааргүй мэт үргэлжлэх далай болон Skellig Islands арлуудын гайхалтай панорам үзэмж харагдана. Азтай бол ховорхон харагддаг Puffin шувуудыг ч олж харж болно.
  • Санамж: Зам нь салхитай, чулуутай тул хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.
6. Doolin-аас Cliffs of Moher хүртэл алхах
Cliffs of Moher-ийг үзэх хамгийн сайхан арга бол Doolin Cliff Walk юм. Ойролцоогоор 8 км үргэлжлэх энэхүү явган алхалтын зам нь далайн эргийн хадан цохионууд болон Атлантын далайн гайхамшигт үзэмжийг алхам тутамд мэдрүүлнэ. Алхалт дунджаар 2.5–3 цаг үргэлжилдэг.

7. Үлгэрийн мэт Gap of Dunloe-г судлах
Killarney National Park-ийн ойролцоо орших Gap of Dunloe бол нуур, уулс, хөндийн гайхамшигт хослол юм. Энэ бүсийг алхаж, унадаг дугуйгаар эсвэл уламжлалт морин тэрэг хөлөглөн аялах боломжтой. 

8. Өнгөлөг Kinsale хоттой танилцах
"Ирландын хоолны нийслэл" гэгддэг Kinsale бол өнгө өнгийн байшин, далайн боомт, амтат далайн хоолоороо алдартай жижигхэн хот юм. Fishy Fishy ресторанд шинэхэн хясаа амталж, Black Pig Wine Bar эсвэл The Post House Coffee Shop-оор зочлоорой. Cork хот руу явах замдаа саатахад төгс тохирно.

9. Mourne Mountains ба Slieve Donard
Хэрэв та ууланд алхах, байгалийн үзэмжийг мэдрэх дуртай бол Mourne Mountains бүс нутгийг зорих хэрэгтэй. Эндхийн хамгийн алдартай маршрут бол тус нурууны хамгийн өндөр оргил болох Slieve Donard юм. Энэ бүс нь жуулчин харьцангуй цөөнтэй тул жинхэнэ амар амгаланг эрхэмлэгчдэд зориулагдсан.
 
10. Giant's Causeway - Game of thrones 
Хэдийгээр энэ газар Хойд Ирландад байрладаг ч Ирландын аяллын жагсаалтад заавал багтах ёстой. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Giant's Causeway нь сая сая жилийн өмнөх галт уулын идэвхжилтийн үр дүнд бий болсон олон мянган зургаан өнцөгт базальт чулуун багануудаараа алдартай бөгөөд дэлхийн хамгийн өвөрмөц байгалийн 
тогтоцуудын нэг юм.
 
Ирланд бол зөвхөн Дублин хотоор хязгаарлагдахгүй, булан тохой бүртээ гэнэтийн бэлэг нуусан гайхалтай орон юм. 

Та Ирланд улсын хэлний бэлтгэл аялалын талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авах бол: 

☎7000-0553, 9110-1958, 9110-0989
 



 
Дээшлэх