Сүүлийн үед Cambridge, IGCSE, AS Level, A-Level, IB, SAT, AP гэх мэт нэршлүүдийг маш их ярьдаг болсон. Гэхдээ эдгээрийг нэг дор ойлгохгүй бол өөрт тохирохгүй сонголт хийх магадлалтай.
Монголын бүрэн дунд боловсролын гэрчилгээ дангаараа UK, USA-ийн их сургуулийн шаардлагыг үргэлж бүрэн хангадаггүй, учир нь улс бүрийн ахлах боловсролын бүтэц, үнэлгээний арга, их сургуульд бэлдэх шалгуур нь өөр байдаг. Тиймээс гадаадад сурах үед зөвхөн 12-р ангиа төгссөн байх нь хангалтгүй, харин тухайн улсын их сургуульд сурахад бэлэн гэдгээ нэмэлт шалгалт, сертификатаар батлах шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл IGCSE, A-Level, SAT, AP зэрэг нь зүгээр нэг нэршил биш, харин таны мэдлэг, чадвар, англи хэлний түвшин, академик бэлтгэлийг олон улсын сургуулиудад ойлгомжтой хэлбэрээр харуулдаг баталгаа юм.
Олон улсын боловсролын эдгээр нэршлүүдийг ойлгохын тулд эхлээд “зам” гэж төсөөлөх хэрэгтэй.
1. Cambridge буюу Британи чиглэлийн зам
Хэрэв чи ирээдүйд яг ямар мэргэжилтэй болохоо шийдчихсэн, жишээ нь эмч эсвэл инженер болохоор эргэлт буцалтгүй сонгосон бол энэ зам чамд тохирно. Энэ систем нь олон хичээл үзэхийн оронд ердөө 3-4 хичээлийг маш гүнзгий судалдаг онцлогтой.
IGCSE (Суурь шат): 9,10-р ангид үзнэ. Олон төрлийн хичээлээр ерөнхий суурь мэдлэг олгох үе.
AS Level (Дараагийн шат): A-Level-ийн эхний жил. Өөрийн сонирхсон 3–4 хичээлээ сонгож, арай илүү гүнзгийрүүлж эхэлнэ.
A-Level (Шийдвэрлэх шат): Чи сонгосон цөөн хичээл дээрээ жинхэнэ утгаараа "мэргэшиж", их сургуулийн түвшний мэдлэг авна. Британи болон Европт шууд их сургуульд орох гол түлхүүр.
Хэрэв шууд 12-р ангиа төгсөөд гадаад руу явах гэж байгаа бол IGCSE-ийг заавал өгөх албагүй. Харин 10, 11-р ангиасаа A-Level-ийн шалгалтанд бэлддэг хөтөлбөртэй сургуульд шилжвэл Foundation-гүй шууд 1-р курст орж цаг болон замаа товчлох юм.
2. IB Diploma буюу олон улсын өргөн хүрээний зам
IB буюу International Baccalaureate нь олон улсын хэмжээнд өндөр үнэлэгддэг хөтөлбөр юм. Cambridge шиг цөөн хичээл дээр нарийсахаас илүү, олон талын мэдлэг, судалгааны чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг зэрэг хөгжүүлдэг.
IB-ийн гол онцлог нь сурагч 6 өөр чиглэлийн хичээл үзэхээс гадна нийгмийн идэвхтэй оролцоо, судалгааны ажил, эссэ зэрэг нэмэлт шаардлагуудыг хамтад нь биелүүлдэгт оршдог.
Үүний үр дүнд сурагч зөвхөн шалгалтдаа бэлдэхээс илүү, бие даан судлах, дүн шинжилгээ хийх, санаагаа бичгээр болон амаар илэрхийлэх чадвараа хүчтэй хөгжүүлдэг. Тиймээс дэлхийн олон улсын топ сургуулиуд IB-ийг өндөр үнэлдэг.
Хэрэв та олон талын чадвараа зэрэг хөгжүүлэхийг хүсдэг, ачаалал даах чадвар сайтай, судалгаа болон бичгийн ажилд сонирхолтой бол IB таны хувьд сайн сонголт байж болно.
3. Америк чиглэлийн зам: SAT ба AP
Америкийн их сургуулиудыг зорьж байгаа сурагчдын хувьд SAT болон AP хамгийн түгээмэл нэршлүүдийн нэг байдаг. Гэхдээ энэ хоёр нь хоёулаа нэг төрлийн зүйл биш.
SAT
SAT нь математик, унших, бичих зэрэг ерөнхий академик чадварыг шалгах стандарт тест юм. Өөрөөр хэлбэл, SAT нь таныг ямар хөтөлбөрөөр сурсан бэ гэдгээс илүүтэйгээр их сургуульд суралцах суурь чадвар хэр байгаа вэ гэдгийг харуулдаг.
AP
AP буюу Advanced Placement нь ахлах сургуульдаа их сургуулийн түвшний хичээл үзэж, шалгалт өгөх боломж юм. Хэрэв AP шалгалтдаа өндөр оноо авбал зарим их сургуульд тухайн хичээлээ дахин үзэхгүй, кредитээ тооцуулах боломж гардаг. Энэ нь цаг хугацаа болон сургалтын зардлаа хэмнэхэд тус болдог.
Иймээс SAT нь ерөнхий чадварын шалгалт бол, AP нь тодорхой хичээлээр ахисан түвшний мэдлэгээ батлах шалгалт гэж ойлгож болно.
Тэгвэл аль нь танд илүү тохирох вэ?
Энэ асуултад нэг л зөв хариулт байхгүй. Учир нь сонголт нь тухайн сурагчийн ирээдүйн зорилго, сурах арга барил, ачаалал даах чадвар, мөн аль улсын их сургууль руу чиглэж байгаагаас шууд хамаардаг.
Сонголтоо ганцаараа хийхгүй байж болно
Хэрэв та аль замыг сонгохоо мэдэхгүй, эсвэл эргэлзэж байгаа бол мэргэжлийн зөвлөхтэй ярилцах нь хамгийн зөв алхам байж болно.
Бид таны:
- сонирхол, давуу тал
- очихыг хүсэж буй улс, сургууль
- хичээлийн гүйцэтгэл
- ачаалал даах чадвар
- ирээдүйн мэргэжлийн зорилго
зэрэгт үндэслэн танд хамгийн тохирох гарцыг хамтдаа тодорхойлоход тусална.