Швейцарийн BHMS сургуульд суралцах талаар

10 February, 2020

-Сайн байна уу? Та бидэнд өөрийгөө танилцуулна уу?

Сайн байцгаана уу? Намайг Ариунтуяа гэдэг. Би Швейцари улсын BHMS(Business and Hotel Management) сургуулийг Олон улсын Бизнес Менежмент-ээр төгссөн одоо Монголдоо олон улсын байгууллагад ажиллаж амьдарч байгаа.

-Сургуулийнхаа талаар танилцуулж өгөөч? 

Швейцари улсын иргэд нь ихэвчлэн Герман, Итали, Франц хэлээр ярьдаг. Харин манай сургуулийн хувьд Английн “Robert Gordon University”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болохоор хичээлүүд нь бүгд Англи хэл дээр ордог. Англи хэлний IELTS-ийн 5.0 буюу түүнээс дээш, эсвэл түүнтэй адилтгах TOEFL-ийн оноотой байх шаардлагатай. Сурч байх хугацаандаа давхар Герман хэл сурна. Яагаад гэвэл Люцерн хотын оршин суугчид нь Герман хэлийг түлхүү ашигладаг. 

-BHMS сургууль ямар чиглэлийн сургууль вэ? 

Business and Hotel Management School буюу зочид буудал, зочлох үйлчилгээний бизнес менежмент чиглэлийн сургууль. Тухайн чиглэлээр дэлхийд тэргүүлэх сургуулиудын нэг нь байгаа. Сурах боломжтой чиглэлүүд гэвэл: “Олон улсын бизнес менежмент”, “Зочид буудал, зочлох үйлчилгээний бизнес менежмент” мөн “Тогооч”-ийн мэргэжлээр сурах боломжтой.

-BHMS сургуулийн хөтөлбөрийн талаар бидэнд ярьж өгөөч?

BHMS сургуулийн Бакалавр 3 жилийн хугацаатай, харин Магистрын хувьд 1 жилийн хугацаатай суралцдаг. Яагаад 3 жил вэ гэхээр, бусад сургуулийн адил эхний жилээс ерөнхий хичээл ордоггүй шууд мэргэжлийн хичээлээ үзээд явдаг. 3 жилийн хугацаандаа жил болгон 6 сар онолын хичээлээ үзээд, 6 сар дадлагын ажил хийдгээрээ онцлогтой. Ингэснээр сурч байгаа мэргэжлээрээ звхөн онолын мэдлэг биш практик мэдлэг, туршлагатай болж төгсдөг.

-Сургуулийн бүртгэл, элсэлт яаж явагддаг вэ? Хэзээ явагддаг вэ?

Сургуулийн бүртгэлүүд бол адилхан явагддаг. Онцлох зүйл гэвэл BHMS сургууль нь сар болгон шинэ элсэлт авдаг учраас оюутан өөрт тохирох элсэлтээс сонгоод орж болно. 

-Таны хувьд Швейцари улсад сурах хамгийн том давуу талууд нь юу байсан бэ?

Европд сурах хамгийн том давуу тал нь сурангаа аялах боломжтой. Швейцарийн сурах визтэй бол Европын бусад орнуудаар зорчихдоо заавал виз авах шаардлагагүй, жишээ нь Берлин руу 40 минут нисэх эсвэ Милан руу 4 цаг автобусанд суугаад очих гэх мэт. Мөн тухайн оюутан өөрөө маш сайн төлөвлөж чадвал маш бага зардлаар Европын орнуудаар аялах боломжтой. BHMS сургуульд 75 өөр улс орны оюутнууд нэг дор суралцдаг нь, олон орны соёлыг бага ч гэсэн сурах мөн олон улсын найзуудтай болох боломжийг бий болгодог нь маш их таалагдсан.

 -Цагийн ажил хийх боломж байдаг уу?

Түгээмэл асуултуудын нэг байна. BHMS сургуульд сурч байгаа оюутнуудын хувьд ерөнхийдөө ачаалалтай суралцдаг учир цагийн ажил хийх боломжгүй. 6 сарын хугацаатай дадлагын ажил нь цалинтай байдаг учир оюутан цагийн ажил хийгээд байх шаардлага гардаггүй. Дадлагын ажлын цалин нэг сарын 2200-2300 франк, ажил олгогчдыг сургуулийн зүгээс зуучилж өгдөг. 

-Сургалтын төлбөр хэд байдаг вэ?

Жилийн сургалтын төлбөр дунджаар 30,000$ – 32,000$. Сургалтын төлбөрт нь очоод байрлах байр, өглөө, өдөр, оройн хоол, амралтын өдрүүдэд зохион байгуулагддаг жижиг аяллууд мөн даатгал гэх мэт бүх зүйл ордог. Ороогүй ганц зүйл нь хармааны мөнгө буюу саван шампунь зэрэг зүйлс худалдаж авах мөнгө ороогүй учир өөрсдөө гаргах шаардлагатай. Мөн тухайн оюутны голч дүнгээс хамааран 2000 хүртэлх франкаар төлбөрөө хасуулах боломжтой.

 

BHMS сургуулийн тухай → http://bit.ly/34dmS4a
Швейцари улсын тухай → http://bit.ly/35bv6Ly
Бичлэг үзэх → https://www.youtube.com/watch?v=Itj6Q5w-owg&feature=youtu.be

TOP