Англи хэл сурах хугацааг 5 дахин багасгах шалгарсан арга?

18 February, 2021
Яг үнэндээ бидэнд таныг англи хэлтэй болгох ид шидийн, ер бусын амархан арга мэтийн зүйл байхгүй. Харин бид танд богино хугацаанд англиар ярьж сурах 10 ХАТУУ ЗӨВЛӨМЖ-ийг санал болгож байна. 

1. АНГЛИ ХЭЛ ҮНЭХЭЭР ХАЧИН ХЭЛ. ҮҮНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР

Зарим үед англи хэлний дүрмийн зүй тогтол амархан олддог. Харин зарим үед англи хэл үнэндээ л утгагүй байдаг. Жишээ нь read(рийд), read(рэд) хоёр яагаад яг адилхан бичигддэг хэрнээ өнгөрсөн цаг, одоо цаг дээр хэрэлэгдэхдээ шал өөр уншигдаж, дуудагддаг юм бэ? Бас "house" гэхийн олон тоо нь "houses" байтал "mouse"-ийн олон тоо нь яагаад "mice" юм бэ? Шал тэнэг байгаа биз?
"Бүх юманд шалтгаан байдаг" гэсэн бодолтойгоор англи хэл сурч байгаа та нэг их удахгүй гацах болно. Яагаад гэвэл англи хэл заримдаа тайлбарлах боломжгүй хачин байдаг. Ийм үед та зүгээр л тэдгээр хачин, ер бусын онцгой тохиолдлуудыг цээжилж үргэлжлүүлэх хэрэгтэй. Угаасаа л хачин хэл юм чинь одоо яалтай билээ.
 

2. ГҮН ГҮНЗГИЙ ОРЖ ХИЧЭЭЛЛЭ

Долоо хоногын аль нэг өдөр хэдхэн цаг зарцуулж англи хэл сурна гэж бодож байгаа бол үнэхээр буруу бодож байна. Энэ бол англи хэл сурах хангалттай цаг биш. Хамгийн хурдан сайжрах арга бол дор хаяж 30-60 минутыг өдөр болгон англи хэлэндээ зарцуулах арга юм. Өөрийгөө чадлаараа хүчилж өдөр бүр сонсох, унших бүр хэцүү байсан ч ярих гээд үзэх хэрэгтэй. Англи хэлийг чөлөөтэй ашигладаг болмоор л байгаа бол та англи хэлийг өөрийн өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгох л хэрэгтэй.
 

3. СУРАГЧ БАЙХАА БОЛЬ

Зөв хандлагатай байх нь амжилт, бүтэлгүйтэл хоёрын хооронд ихээхэн ялгааг бий болгодог. Өөрийгөө "би англи хэл сурч байгаа нэгэн" гэж бодохын оронд "би англиар ярьдаг нэгэн" гэж бодох хэрэгтэй. Өчүүхэн өөрчөлт мэт санагдаж болох ч та өмнөхөөсөө илүү өөртэй итгэлтэй болсон байх болно.
Энэ нь мөн таныг англиар сэтгэж, бодох хэрэгтэй гэсэн үг юм. Юу гэсэн үг вэ гэж үү? За би тайлбарлаад өгье. Жишээ нь та "apple" гэдэг үгийг хэлэх гэж байгаа гэж бодьё, энэ үед таны толгойд эхлээд монголоор "алим" гэж орж ирээд дараа нь англи хэл дээрх "алим" гэдэг үгийг хайж эхлэдэг. Үүний оронд эхлээд алимны зургыг дотроо бодож "apple" гэх үгийг бодож олоорой. Таны тархи англиар бодож сэтгэж эхлэсэн цагт л та англи хэлийг чөлөөтэй хэрэглэдэг болно. Амархан байгаа биз? Яг үнэндээ амархан ч биш л дээ.
 

4. "ХАРИУЛТ" ҮРГЭЛЖ "АСУУЛТ"-ДАА БАЙДАГ ГЭДГИЙГ САНА.

Хэн нэгэн танаас англиар асуулт асуух үед та тэр асуултыг анхааралтай сонсож чадвал үргэлж зөв хариулж чадна. Толь гээд л бодчих.
Does he...?    Yes, he does.
Can he...?      Yes, he can.
Is it...?             Yes, it is.
Хэн нэгэн асуулт асуухад юу гэж хариулахаа мэдэхгүй байвал асуултанд ашиглагдсан үгнүүдийг сайтар бодоод үзээрэй. Асуусан хүн аль хэдийнэ хариултанд орох үгнүүдийн талаас илүү хувийг асуултандаа ашигласан байдаг. Англи хэлний дүрмийг цээжлэхийн оронд зүй тогтлыг нь олох гээд үзэх хэрэгтэй. Иймэрхүү байдлаар "Шипи" хэрэглэх аргууд байдаг гэдгийг санаарай.
 

5. USE IT OR LOSE IT

Англи хэлэнд "Хэрэглэ эсвэл алд" гэсэн үг байдаг. Олж авсан мэдлэгээ ашиглахгүй бол мартчихна гэсэн үг. Үг цээжлээд л байдаг тэрийгээ ашиглахгүй бол тэгээд л мартагдчихна. Шинэ үг цээжилсэн бол тэрийгээ тэр дор нь өгүүлбэрт оруулж ашиглах гээд үзээрэй. Хэд хэд ашиглахад л таны ой санамжинд илүү удаан үлдэх болно.
 

6. ДҮРМИЙГ ХЭТ ИХ СУДЛААД ХЭРЭГГҮЙ

Хэл сурахын хамгийн чухал зүйл нь хичээл, дадлага хоёрын тэнцвэрт оршдог. Дүрмээ төгс эзэмшлээ гээд тэр хэлийг чөлөөтэй ашиглаж чадна гэсэн үг биш. Унаган англи хэлтэй хүмүүс ч гэсэн заримдаа дүрмийн алдаа гаргадаг. Чөлөөтэй ашиглана гэдэг нь харилцаж чаддаг байхыг хэлнэ. Тиймээс дүрмийн номоо түр хаяад бичих, сонсох, унших, ярих чадвараа амьдрал дээр туршиж үзэж дадлага хийх нь маш чухал юм.
 

7. АЛДАА ГАРГАХААСАА БҮҮ АЙ

Зарим үед тэр их дүрэм, үгийг нэг өгүүлбэрт энгийн байдлаар зөв байрлуулж ашиглана гэдэг хэцүү. Буруу хэлчихвий гэсэн айдсаасаа болж ярихаа зогсоож хэрхэвч болохгүй. Алдаа гаргаж байгаагаа мэдсэн ч ярьсаар л бай. Та алдаатай хэлж, ярьсан ч ихэнхи тохиолдолд хүмүүс таны юу хэлэх гээд байгааг ойлгочихдог. Дээрээс нь та ярих тусам англи хэл улам амархан болж, зөв үг таны толгойд улам хурдан орж ирдэг болно.
 

8. ХҮН БҮРЭЭС СУРАЛЦ

Та зөвхөн багш, англи хэлний номноос англи хэлийг сурах албагүй. Хэн нэгэн танаас "хундага" гэдэг үгийг монголоор юу гэж уншдаг юм бэ? гэж асуувал та уурлах байсан уу? Үгүй шүү дээ. Та дуртайяа энийг ингэж уншина гэж зааж өгнө. Үүнтэй адил танаас илүү англи хэлтэй хүмүүс танд өөрийн мэддэг зүйлээ зааж өгөхдөө ууртай биш таатай байх болно. Ичиж санаа зоволгүй зүгээр л асуу.
 

9. ӨӨРИЙГӨӨ АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ СОНИРХОЛТОЙ МЭТЕРИАЛ УНШИЖ БАЙГАА БИЧИЖ АВААД ТҮҮНИЙГЭЭ СОНС

Яаж англиар чөлөөтэй, өөртөө итгэлтэй ярьж сурах вэ? Бид сурсан зүйлээ давтахын тулд түүнийг зайлшгүй ашиглах нөхцөл байдалд орж байж хэрэглэж сурдаг гэж боддог. Яг үнэндээ ярьж л байвал сурч байдаг. Англи ном эсвэл өөрийн дуртай сонирхолтой материалаа англиар уншиж тэрийгээ бичиж(voice record) ав. Бичиж авснаа хэсэг хугацааны дараа өөрөө сонсож үзвэл сонсох чадвараа бас давтчихна. Нэг сумаар хоёр туулай.
 

10. ДУУДЛАГАА САЙЖРУУЛ

Дэлхий дээр англи хэлний маш олон дуудлага байдаг. Яг тэр нь зөв дуудлага гэж хэлэхэд хэцүү. Хамгийн чухал нь хүмүүс таныг ойлгодог байх хэрэгтэй. Ярьж байгаа юм чинь ойлгомжгүй байвал та тэр бүр өөртөө итгэлтэй байж чадахгүй. Дуудлагаа сайжруулах хялбар арга гээд байх юм байхгүй. Зүгээр л механикийг нь сурч, давтаж үзэх л хэрэгтэй.

Мэдээж дээрх 10 зөвлөмжийг бүгдийг нь хэрэгжүүлнэ гэдэг нэлээдгүй хүчин чармайлт шаардана. Хэрвээ та хүсвэл бидний санал болгох гадаад багштай англи хэлний онлайн сургалтыг туршаад үзээрэй. Онлайн сургалтын талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.
Дээшлэх